Аюулгүй байдлын Symantec фирм "Linux.Wifatch" буюу "Ifwatch" гэдэг нэртэй нэгэн вирус аюулгүй байдлын алдаатай 10,000 'Интернэт төхөөрөмж'-үүдийг (Wifi рүүтэр, ТВ бокс г.м) халдварлуулсан болохыг илрүүлжээ.
Сонирхолтой нь энэхүү вирусийн одоогоор мэдэгдэж байгаа үйлдэл нь тэдгээр цоорхой бүхий төхөөрөмжүүдийн аюулгүй байдлын алдааг засаж сайжруулж байсан байна.
Тэгэхээр бидний ихэнхийн боддог шиг вирус гэдэг бол зөвхөн муу юм хийдэг, хакер гэхээр л эвдэж сүйтгэдэг хүн биш юм байна. Интернэтийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ажилладаг Цагаан малгайт хакерууд гэгдэх мэргэжилтнүүд байдаг ч харин ингэж ажилладаг вирусийн тухай миний хувьд анх удаа сонсож байгаа билээ.
Гэхдээ энэхүү вирус нь хэд хэдэн арын хаалга (backdoor) сувгуудтай бөгөөд үүнийг нь хийсэн хүн нь ашиглан системүүдийг ашиглах боломж бас байж болохыг уг вирусыг судалсан судлаачид хэлж байгаа юм байна.
'Linux.Wifatch' нь хэрэглэгчийн рүүтэр рүү халдварлагдсан тохиолдолд тухайн төхөөрөмжийн аюулгүй байдлыг болон түүн дээр ямар нэгэн аюултай, муу код ажиллаж байгаа эсэхийг шалган цэвэрлэж мөн хэрэглэгчийн нууц үг хангалтгүй бол солихыг санал болгож, мөн шаардлагагүй аюултай телнет портуудыг мөн хаахыг санал болгодог байна.
Мэдээллийн эх сурвалж ба дэлгэрэнгүй мэдээлэл: http://thehackernews.com/2015/10/hack-wifi-router.html
Монголд маань интернэт сүлжээний аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдээлэл хүмүүст их хомс байдгаас, мөн бидний хэнэггүй зангаас болж ямар аюултай нөхцөл байдал үүсэж байгааг тэр бүр ойлгодоггүй. Хамгийн наад зах нь хэн нэгэн таны Фэйсбүүкийн нууц үгийг, эсвэл мэйлийн нууц үг, эсвэл интернэт худалдааны картын нууц үгийг тань мэдээд таны мэдээллийг орж авч байна гээд та бод доо. Мөн таны компьютераар дамжин ороод эсвэл таны компьютерыг удирдан ямар нэгэн муу зүйл хийж байх ч боломжтой.
Тэгэхээр янз бүрийн програм татаж суулгахаас эхлээд, мэйлд дагалдаж ирсэн хавсралт файлыг нээх, холбоос хаяг дээр дарж орох зэрэг үйлдэл бүрдээ болгоомжтой хандаж, ямар нэгэн хэмжээгээр интернэтэд өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх нь чухал юм.
Монголд байдаг бас нэг том асуудал бол интернэт түгээдэг зарим ISP компаниудын хангалтгүй үйл ажиллагаатай холбоотой асуудал юм. Жишээ нь дээр дурдсан рүүтэр төхөөрөмжүүд буюу Wifi төхөөрөмжүүдийн хамгаалалтын тохиргоо буруу буюу дутуу, хангалтгүй нууц үгтэй үүсгэж өгөх, хэрэглэгчдэд төхөөрөмжийнх нь нууц үгийг өгөхгүй байх, зайнаас удирдаж тохируулах боломж (remote access), урд хөршөөс чанар муутай, аюулгүй байдлын цоорхойтой хямд төхөөрөмжүүдийг их хэмжээгээр оруулж ирдэг зэрэг нь хэрэглэгчдийг нууц мэдээллээ алдах эрсдэлд мөн хүргэж байдгийг бодолцууштай. Үүнтэй холбоотой мэдээлэл: http://mongolian-it.blogspot.com/2012/10/huawei-univision.html
http://purevtsooj.blogspot.com/2012/10/huawei-hg256-univision.html
Мөн манай засгийн газар маш их мөнгөн дүнгээр гадаадаас тагнах, вирус төрлийн програм хангамж худалдан авч ашигладаг болох нь илрээд хэсэг шуугиан тариад авсан.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
medmeer ym bn iim hackeruud bdag gedgiig sonsoj bsan gehdee bhaa baitsan bh gej boddog bailaa
Өлзийсайхан хэзээ бичсэн:
2015-10-06 16:49 | |