Алмас

1444303519Ирэх 7 хоногт Dusal.net вэб сайт нээгдсэний 10 жилийн ой болох нь ээ. 2005 оны 10-р сарын 12-ны өдрөөс Dusal.net домэйн нэрээр сайт маань үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Blogmn.net
сайт маань бас нээгдээд ирэх жил 10 жилийн ой нь болох юм байна. Ингээд бодоод байхад бас ч гэж сонирхолтой санагдаж байгаа тул Монголын интернэтийн талаар, сайтынхаа талаар өөрийнхөө мэдэх түүхээс, өөрийнхөө өнцгөөс бага зэрэг яримаар санагдлаа. Та бас сэтгэгдэл бичээрэй.

Миний компьютертай анх танилцсан түүх

Миний хувьд анх digger гэдэг тоглоом тоглуулдаг 8088 хатуу дискгүй компьютер, Nintendo, Sega тоглоомд дурлан, компьютер гэдэг юмыг зөвхөн тоглоом төдий төсөөлж явлаа. Шөнөжин танк, мортал комбат, контра, марио тоглочихоод нойрмог хичээл дээрээ унтаж загнуулж явж дээ. Тэр үед манай хотод цөөхөн хэдэн тоглуулдаг газрууд, мөнгөөр, хаягдал шилээр тоглуулдаг байсан юм. Тоглоом тоглохын тулд хаягдал шил цуглуулж, талх, ундаа зарж, гудамжныхаа ах нарт тусалж мөнгө олдог байлаа. Хааяа аав маань бага зэрэг мөнгө ч өгдөг л байсан хэхэ. 1995 онд аав анх Хөх хотоос Nitendo-ны хуулбар компьютерын тоглоом авч ирж өгч билээ. Тэр үедээ дундаж амьдралтай, тийм ч боломжтой байгаагүй мөртлөө аав маань нэлээн үнэтэй компьютер тоглоом авч ирж өгөөд ээжид зэмлүүлж байсан санагддаг юм. Хар зурагтандаа антенных нь оролтоор залгаад тоглодог байсан. Зурагтаа улайсаж халтал тоглоод загнуулж унтдаг байжээ. Хамт тоглох гэж гудамжныхан, найзууд гэрээр их ирдэг болсон. Гялс л алдартай болж хувирч билээ хэхэ.

1997 онд Монголын Хүүхдийн Ордны компьютерын дугуйланд элсэн ороод компьютер, програмчлалын үндсийг заалгаж, HTML хэл дээр анхныхаа вэбийн index.html хуудсыг хийж үзэж байжээ. МХО-д Наранцэцэг багшаараа заалгаж тэр бүхнийг сурсандаа өөрийгөө одоо ч их азтайд тооцдог. Анх 10 жилийн ангийнхаа найзтай хоёулаа очоод Компьютерын дугуйланд шалгалт өгөөд хоёулаа тэнцээгүй юм. Тэгээд шалгалтанд тэнцээгүй ч гэсэн багштай нь очиж уулзаж гуйя гээд уулзаж гуйгаад, багш 9 сард ирээрэй төлбөрөө төлөөгүй хүүхэд байвал оронд нь авч болно гэж зөвшөөрснөөр бид 2 анх дугуйланд элсэж байсан. Бүрэгдүү, барагтай бол хүнээс юм гуйдаггүй байсан нөхдүүд тэгж гуйсныг бодоход тэр хэмжээнд орохыг хүсэж байсан байх л даа. Харин дугуйлангаа төгсөх тайлан тавихад надтай хамт элсэлтэнд тэнцээгүй гуйж орсон найз маань 1-р байр, би 2-р байранд орж төгсөж байсан юм. Магадгүй тэр ч бидэнд ялагдсан ч битгий бууж өг гэдэг сургамжийг өөрсдөд маань өгсөн байж магадгүй. Одоо эргээд бодоход үнэн сэтгэлээсээ хүсэж л байвал ямар ч саад байсан, бүүр ялагдаад бүх юм дууссан юм шиг санагдаж байсан ч үзээд алдах хэрэгтэй байдаг юм болов уу гэж бодогддог.


Монголд компьютер, интернэт хөгжиж эхэлсэн үе:

1997 оны үед Монголд дөнгөж компьютер, интернэтийг энгийн хүмүүс захаас нь л мэддэг болж байсан даа. Зарим хүмүүс уншаад толгой дохиж суугаа байх. Гар утас ч маш ховор, 9911-тэй дугаартай Siemens S4 гээд бороохой шиг том утас байдаг байлаа. Анх хараад утасгүй ярьж байгааг нь гайхаад л ёстой мэлэрч байж билээ. Жинхэнэ гайхамшиг байсан. Гэтэл одооны ухаалаг утастай харьцуулаад үзвэл ёстой л жинхэнэ хүрэл зэвсгийн үеийн бороохой л байсан даа. хэхэ

1998 онд оюутан болоод анх нагац эгчээрээ гэртээ компьютер авахуулж, dial-up интернэт гэртээ тавиулаад бөөн баяр болж харин 1 сар интернэтэд орж Монстуднэтийн чатаар чатлаад утасныхаа төлбөрийг маш өндөр гаргаад төлөх гэж нэлээн юм болж байж билээ. Түүний дараа хязгаартай хэрэглэж байгаад анх Микомын ADSL интернэт тавигдаж эхлэхэд гэртээ тавиулаад хагартлаа баярлаж байсан. Ёстой л тэр үед хавтгай дэлхийд нэгдэж, бусадтай хөл нийлүүлж алхах боломжийг атгаж авсан үе байсан байх. Тэр үеийн Pentium III компьютер, 128kbps хурдтай ADSL интернэттэй болчихоод өөрөө суперман болсон мэт санагдаж байсан нь одоо аль хэзээний бараг үлгэр, домог мэт дурсамж болж ээ. Тэр үеийн 128kbps бол dial-up 56kbps-ээс 2 дахин хурдан тухайн үедээ маш хурдтай, бас байнгын интернэт холболт гэдэг бас л гайхамшиг байлаа. Гэтэл одоо тэр үеэс хэдэн зуу дахин илүү болсон байна. Технологийн дэвшил, хөгжил гэдэг ингээд харахад ямар гайхалтай хурдан явж байгааг бас харж байгаа, ийм үед амьдарч байгаадаа баяртай байдаг.

Dusal.net сайт

Dusal.net сайт маань анх dusal.tk үнэгүй домэйн ашиглан html вэб хуудас, форум ажиллуулж эхэлж байсан юм. Сая хайж яваад http://dusal.atspace.org/ гээд орсон чинь анхны хувилбар маань байж л байдаг юм байна. Технологи хөгжихийн хэрээр зарим хэсгүүд нь хуучирч ажиллахгүй болсон, үг үсгийн алдаатай ч гэсэн анх эхэлж байсан хуудсаа орж харсан чинь гоё байна шүү. Үүний дараа динамик вэб хөгжиж эхэлсэн ба нээлттэй эх гэгч зүйлтэй анх танилцаж phpBB forum, Mambo CMS ашиглан динамик вэбийг өөрөө хийгээд компьютерын хичээлүүд нийтэлдэг, самбараараа залуус нэгдэн хамтдаа суралцдаг байлаа. Мэдээж үүний хажуугаар Асуулт самбар зэрэг бусад Монгол сайтуудаар одоо зүс мэдэхгүй ч нөхөрлөсөн олон залуустай харилцан суралцаж байсан.

Дусал.нэтийн маань хамгийн гол хөгжүүлсэн ажил маань бол Blogmn.net сайт билээ. Анх blog.dusal.net гэсэн домэйн нэртэйгээр Монголдоо хамгийн анхны блог түгээгч сайт болон 2006 оны 2-р сарын 14 буюу Валентины баяраар анх нээгдэж байлаа. Харин 2006 оны 7 сарын 31-нд www.blogmn.net домэйн нэрийг албан ёсоор авч энэ нэрээрээ ажиллаж эхлээд өнөөдрийг хүрч иржээ. Ирэх жилийн 7 сард 10 жилийн ой маань болох нь.

Анх нээж байх үед хүн бүр өөрийн вэб хуудсыг үнэ төлбөргүй нээгээд, хөтлөөд явах боломж гэхээр тухайн үедээ маш гайхалтай зүйл санагдаж байж билээ. Тухайн үед Монгол хэл дээр агуулга, мэдээлэл харьцангуй хомс идэвхтэй вэб сайтууд ч цөөхөн байлаа. Bodrol гэж нэг хувийн блог сайт миний мэдэхээр байсан. Маш олон хүн орж ярилцдаг, маш сонирхолтой олон сэтгэгдлээр дүүрсэн блог байсан. Харин сүүлд анхны мэдээллүүд нь устаад шинэчлэгдсэн санагдаж байна.

Хамгийн их хүн ордог сайтууд бол мэдээж Monstudnet чат, самбар, Asuul.net самбар зэрэг сайтууд байсан. Эдгээр сайтуудыг Монголын интернэтийн загалмайлсан эцэг гэж хэлэхэд хэн ч маргахгүй байх аа. Ер нь форум буюу самбар, чатны эрин үе байсан гэж хэлж болно.

Яг тэр үед Блогмн сайт маань нээгдэж Монгол хэл дээр мэдээлэл солилцох нэгэн шинэ суваг болж Монгол хэлээр интернэт агуулгын санд дусал боловч хувь нэмэр оруулсаар ирсэн гэж боддог.

2007 оноос delhii.net, blog.banjig.net, miniih.com, blog.gogo.mn зэрэг блог сайтууд нээгдэж Блогчид гэдэг нэршил Монголд бий болж Блогчдын цугларалт, уулзалт, тэмцээн, шоу гээд олон зүйл өрнөж, онлайн ба оффлайн амьдрал холилдож одоо дурсахад олон сонирхолтой үйл явдал болж өнгөрчээ. Блогоор дамжуулж маш олон ч хүнтэй танилцаж, үнэхээр сайхан найз нөхөдтэй болсон. Нэг талаар амьдралынхаа найзуудыг олж авсан гэж бас хэлж болохоор. Бас Блогчдын холбоо хүртэл байгуулагдаж байсан санагдаж байна.

Тэр жил 2007 онд Monstudnet-ын 10 жилийн ой дээр очиж Шилдэг шинэлэг вэб сайт гээд Монстуднэтийн 10 жилийн ойн улаан тавах хошуутай пудволк, 100$-ыг Орбинзоон админаас гардан авч байсан маань миний хувьд амьдралдаа авсан хамгийн гоё, хамгийн том шагнал, маш их баярлаж хөөрч, урамшиж байж билээ. Тухайн үед подволкныхоо зургийг аваад хувийн блогтоо нийтлэл оруулж байсан шиг санагдавч эрээд олсонгүй. Энд Хантулгын нийтлэл байна.

Дараа нь 2011 онд New Media Marketing Agency зохион байгуулсан Шилдэг блог шалгаруулах уралдаанд Дусал.нэт-ийн маань Дусал блог Шилдгийн шилдэг блогоор шалгарч байсан маань бас нэгэн том шагнал юм. Би өөрөө тухайн үед байгаагүй манай блогийн бусад админууд үйл ажиллагаанд оролцож байсан даа.

IMG_20131104_102054

За тэгээд Дусал.нэт-ийн үйл ажиллагаа бол Нээлттэй эх гэдэг зүйлтэй салшгүй холбоотой. Монголын линукс сонирхогчдын LiMNux гэдэг бүлэг байдаг байсан. Тэнд олон мундаг залуустай танилцаж, мэдээлэл солилцож, шар айраг ууж, мэдлэгээ хуваалцаж түгээж байсан. Сүүлийн үед тэр бүлэг ч идэвхгүй болоод, би ч иймэрхүү үйл ажиллагаануудаас нэлээн холдоод, хоцроод байгаа. Уг нь Дусал клуб гэж байгуулж уулзаж байя гэж бодсон ч бас олигтой зохион байгуулж явуулж чадаагүй л байна. Ямар ч гэсэн хийнэ ээ л гээд яваад байгаа. хэхэ.

Сая бас сонирхож хайж яваад эндээс тухайн үеийн сайтынхаа түүхийг харахад бас л сонин байна шүү. Даанч загвар нь тэр чигээрээ хадгалагдаагүй эвдэрсэн харагдаж байна. Ямар ч байсан 2006 оны 11 сар гэхэд 277 блог, 295 хэрэглэгч, 961 бичлэг, 941 сэтгэгдэлтэй байжээ. Одоо тэгээд 10 жил орчим хугацаанд үнэ төлбөргүй вэб хуудасны интернэт үйлчилгээг үзүүлж, олон зүйл сурч, туршлагажиж Монголын интернэтийн нэгээхэн хэсгийг бүрдүүлэн ажиллаж байгаадаа бахархалтай байна.

10 жилийн хугацаанд хангалттай үйл ажиллагаа явуулж, том хэмжээнд хүрч чадаагүй, сүүлийн үед үйл ажиллагаа харьцангуй зогсонги, хөгжүүлэлт удаан явж байгаа ч удахгүй та бүхэндээ илүү сонирхолтой шинэлэг, хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг үзүүлж, идэвхтэй ажиллах юмсан гэж мөрөөдөн, төлөвлөөд ажиллаж байгаа.


За тэгээд хамт дэмжиж ирсэн бүх найзууд, танилууд, хэрэглэгчид та бүхэндээ 10 жилийн ойн мэнд хүргэе.

Тэгээд нэг бяцхан Уулзалт зохиож тэмдэглэдэг юм билүү гэж бодлоо.
Танихгүй интернэтийн цаанаас харилцдаг байсан хүмүүс уулзаад танилцаад, ярилцаж суугаад
нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрүүлэх болов уу гэж бодож байна.

Ирэх Даваа гарагт буюу 2015 оны 10-р сарын 12-ны өдөр 18:00 цагаас
Циркийн зүүн талын хаалгаар ордог Krone ресторанд.
Уух зүйлсээ харин хүн бүр өөр өөрийгөө даана шүү. хэхэ.

Яг тухайлан урих хүн, байгууллага олон байгаа ч яг тэгж тухайлан урьж чадсангүй.
Үнэндээ 10 жил гэдгээ ч таг мартсан явж байжээ.
Тэгээд энгийн байдлаар шар айраг шимэнгээ ярилцаад суух багахан уулзалт зохиоё гэж бодлоо.
Тийм болохоор уншсан та өөртөө урилга очсон гэж хүлээн авч
Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирэхийг хүсье!

Дусал.нэтийн хэрэглэгч, найз нөхөд хүн бүгдэд нээлттэй шүү.
Ганцаараа байсан ч бас хүн танихгүй гэж санаа зоволгүйгээр
ирээд танилцаад яриад суухыг урьж байна. баярлах

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баяр хүргэе
Мөнгө олох (зочин) хэзээ бичсэн: 2016-03-04 23:32 | |
Харин тийм ээ. Гайхалтай хурдан юм аа эргээд харахад. Цаашаа ч бас асар хурдтай хөгжил явагдаж байна. Монгол улс маань ч илүү хурдтай хөл нийлүүлэн дэлхий нийттэй зэрэгцэн явах шаардлагатай байна даа баярлах
Анх хийж байсан сайтаа хараад бас зарим зүйлийг мартсан яваагаа эргэн санаад байгаа ... ирмэх
Алмас хэзээ бичсэн: 2015-12-08 23:25 | |
10 жилийн ойн мэнд
Уншаад хамаг сайхан дурсамжууд сэргэчихлээ тэгээд би бас хамгийн анх 2005 онд хийж байсан сайтаа хайж үзлээ харамсалтай нь олсонгүй. Одоо бодход тийм ч их хугацаа өнгөрөөгүй хэрнээ бүх юм өөрчлөгдсөн гэж бодхоор технологи маш хурдан хөгжиж байна шүү.
Хамгийн анх 2002 онд xp үйлдлийн системийн асаахад гардаг дууг өөрийн дуу хоолойгоор бичиж оруулчихаад нээлт хийсэн юм шиг л баярлаж байж билээ. Сайхаан сайхан
amar (зочин) хэзээ бичсэн: 2015-12-08 22:59 | |
Happy anniversary!
Goy bna shu, neeren blog manaid 2006 onii uyd huchee awch bsan geheer bas tiim ch ih hugatsaa unguruugui ym bna, bi ch bas tuhain uyd olon blog neegeed haagaad l yawj bla. Ymartai ch Newmediagiin shildeg blog shalgaruulah temtseen bolood jirgeegeer buun ym bolj baisniig sanaj bna.
dlndolgion хэзээ бичсэн: 2015-11-21 21:45 | |
Блог ч нэг төрлийн бас сайт шүү дээ. гоё шүү
Алмас хэзээ бичсэн: 2015-10-24 15:24 | |
хамаг юм санаанд орчихлоо. анх microlab.tk гд блог ч юм уу сайт ч юм уу нэг юм хийж эхлэж байж билээ.
Зочин хэзээ бичсэн: 2015-10-24 06:30 | |
хэхэ тэр орчуулга өгч байсан аа мартаж. Гэхдээ бусдыг нь бол санаж байна баярлах Харин тийм. Нэг мэдсэн чинь 10 жил өнгөрсөн байна хэхэ
Алмас хэзээ бичсэн: 2015-10-13 23:21 | |
maximum_mng гээд нэрээр самбарт орж юм бичдэг л байлаа. Бидний үед форум л ид цэцэглэж байжээ гэж...

Аа тийн чи санаг байнуу гүй юу? Би чамайг японоос ирээд удаагүй байхад очиж spaiznuke билүү нэг оросын CMS-н орчуулга авч байсандаа.

Мөн blogmn дээр нэг хятад блог хөтлөөд аймар хандалт аваад Даяар Монгол эдэр чамруу яриад нэг балалаагүй юу. Хаха...

Цаг хугацаа ч хурдан юмаа. гуниглах
maximum mng (зочин) хэзээ бичсэн: 2015-10-13 22:23 | |
Баярлалаа баярлах Өнөөдөр орой Krone ресторанд ирээрэй.
Алмас хэзээ бичсэн: 2015-10-12 14:49 | |
Баярын мэнд.
10 жилийн ойн баярын мэнд.
Зочин хэзээ бичсэн: 2015-10-12 14:40 | |



:-)